ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Таны амар амгаланг айлтгаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаст тавтай морилохыг хүсье.

Монгол Улс БНАСАУ-тай түүхэн урт удаан хугацааны найрсаг харилцааны уламжлалтай билээ. 1948 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллаж, түүхийн нугачаанд уламжлалт найрсаг харилцаагаа алдалгүй харин ч тасралтгүй хэрэгжүүлж, хоёр талын улс төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын харилцааг хөгжүүлээд зогсохгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол, БНАСАУ-ын ард түмний эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх энэхүү үйл хэргийг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ шамдан ажиллаж байна.

БНАСАУ-д оршин сууж, зорчиж буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нь манай ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл юм. Монгол Улсаас БНАСАУ суугаа Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Манай ЭСЯ-ны цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл