БНАСАУ-Д ЗОРЧИЖ, ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДДЭЭ
Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, манай иргэд тус улсад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих, оршин суух явдал өсөн нэмэгдсээр байна.
Иргэд санаатай, санамсаргүй байдлаар эрүүгийн гэмт хэрэг холбогдон саатуулагдах, улмаар ял эдлэх зэрэг таагүй асуудал гарсаар байна. Энэ нь манай иргэдийн суугаа орны хууль журам, ёс заншлын талаарх мэдлэг дутмагаас гадна өөрсдийн нь хайхрамж болгоомжгүй байдал, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотой байна.
Тус Элчин сайдын яам иргэдийнхээ зүгээс ирүүлж буй бодитой санал санаачлалыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган, Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Иймд иргэд бодит мэдээллийг ЭСЯ-наас шууд авч, санал, шүүмжлэлээ нээлттэй ирүүлж байхыг зөвлөж байна.
БНАСАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Нэг. БНАСАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- БНАСАУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
- Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
- БНАСАУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНАСАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
- БНАСАУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх,
- Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
- Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй),
- Янжуур тамхи 200 ширхэг,
- Сигар, навчин тамхи 100 ширхэг,
- Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);
- 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.