МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА КИМ ЖӨН ЫН-д БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 9-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Ким Дөк Хүн-д, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сөн Гвөн-д тус тус баярын мэндчилгээ илгээв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Танд болон Танаар уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ч энэхүү харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Тантай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Энэ ялдамд Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилт, солонгосын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. гэжээ