Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 18-19-нд БНАСАУ-д айлчлав.
Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны орлогч дарга, Олон Улсын хэлтсийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын Дээд. Хурlын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнтэй Монгол, БНАСАУ-ын ГХЯ-ны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа хоёр улсын ард түмний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг амжилттай даван туулж өнөөгийн түвшинд хүрснийг тэмдэглэв. Түүнчлэн харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНАСАУ-тай хөгжүүлж буй уламжлалт, найрсаг харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж байгааг нотлов. Мөн Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд БНАСАУ-ын төлөөлөгчдийг оролцохыг урив.
|